ТАНИЛЦУУЛГА Сарай Айнагүл: 1969-1978 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаангол багийн Бага сургууль, Өлгий хотын 8 жилийн болон I-10 жилийн дунд сургууль, 1979 онд Булган аймгийн Ё.Шетинкиний нэрэмжит 10 жилийн дунд сургууль, 1980 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн орос хэлний бэлтгэл анги, 1985 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1983 онд Москва хотын Улс төрийн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, улс төрийн дээд боловсролтой. Хууль зүйн ухааны магистр, 1995 онд Удирдлагын хөгжлийн институтэд мэргэжил дээшлүүлсэн. Мэргэжлээрээ АНУ, БНСУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс, ОХУ, БНХАУ, Казахстан улсад хурал, семинар, сургалтанд хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн. Тэрээр 1985-2000 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт, 2000-2012 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, 2012-2013 онд Дэд бүтцийн яамны харъяа ГТХЗНТ-д хуулийн зөвлөх, 2014 оноос ЖСКМ ХХК-д хуулийн зөвлөх, менежерийн албыг хашдаг. С.Айнагүл хуульчидтай хамтарч 20 гаруй хуулийг, Олон улсын байгууллагаас хийсэн судалгааны томоохон хоёр бүтээлийг мөн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг казах хэлнээ орчуулан, нийслэлийн Засаг даргын санхүүгийн дэмжлэгтэйгээр товхимол болгон хэвлүүлж, 2011 онд олон нийтэд хүргэсэн. Глоб интернэйншл ТББ-ын захиалгаар иргэдийн эрх зүйн мэдлэгт зориулан “Мэдэх эрх” номыг зарим судлаачдын хамт казах хэлнээ орчуулж, 2013 онд олны хүртээл болгов. Үндсэн мэргэжлийнхээ дагуу гаргасан 10 гаруй гарын авлага, товхимолоос гадна аавынхаа тухай хоёр номыг бичиж, улирал бүр казах хэл дээр хэвлэгддэг “Ару жулдыздар” сэтгүүлийн ерөнхий редактороор ажилладаг. Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойд зориулж “Казахын шилдэг бүсгүйчүүд” номыг 2010 онд эмхэтгэж олны хүртээл болгожээ. С.Айнагүлийн хөдөлмөрийг Төр, засгаас үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Хэвлэл мэдээллийн байгууллагын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдснаас гадна Шүүхийн байгууллагын хүндэт тэмдэг, Цагдаагийн гавъяа Хүндэт тэмдэг, нийслэл Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Баянзүрх дүүргийн Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан, бусад төрийн бус байгууллагуудын хүндэт тэмдэг, өргөмжлөлээр шагнагдаж байсан. 2003 оны Төрийн шилдэг түшээ, 2010 оны Шилдэг эмэгтэй, 2011 оны Нийгмийн зүтгэлтэн шилдэг эмэгтэй, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс алдаршуулдаг 9 алдартны нэгээр шалгарч шагнагдаж байв. Нийгмийн сайн сайхны төлөө хийсэн олон нийтийн ажил: С.Айнагүл нь 2000-2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажилласан. 2000-2004 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд оролцож байв. 2008 оноос Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн гишүүнээр 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. 2002-2006 онд Нийслэлийн Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж, эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхийг дээшлүүлэх чиглэлээр нийслэл, дүүргийн хэмжээнд зохиогдсон ажилд идэвхтэй оролцсон. 2003 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Хүн, хүний төлөө (РТР) олон улсын байгууллагын гишүүнээр ажиллаж, жил бүр эмзэг бүлгийн хүүхдүүд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд буцалтгүй тусламж үзүүлж ирсэн. С.Айнагүл нь 2006 оноос казах хэл, соёлыг залуу үед өвлүүлэх, казах эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхийг дээшлүүлэх зорилгоор Казах эмэгтэйчүүдийн ”Арулар” холбоог санаачлан байгуулж, тус холбооны тэргүүнээр сонгогдон, чөлөөт цагаар нутгийн иргэдийн дунд төрөл бүрийн ажил зохион байгуулж байна. Казах хэл, соёлыг эрхэмлэн өвлүүлэх, уламжлалт зан заншлыг таниулж, гэр бүл, хүүхэд, залуусыг төлөвшүүлэх зорилгоор холбооны дэргэд “Ару-жулдыздар” нэртэй сэтгүүлийг казах хэл дээр улирал бүр хэвлүүлэн гаргаж, иргэд олон нийтийн хүртээл болгож байна. МҮОНТ-ийн “ТВ-Толхын” хөтөлбөр болон бусад телевизтэй хамтарч 30 гаруй хамтарсан нэвтрүүлэг бэлтгэж, казахын ард түмний өв соёлыг олон нийтийн хүртээл болгоход тодорхой хувь нэмэр оруулсан. Улаанбаатар хотоос гадна казах иргэд олноор амьдардаг Орхон, Дархан-уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Ховд, Баян-Өлгий аймаг, тус аймгийн сумдад, эмэгтэйчүүд олноор ажилладаг зарим байгууллагад, Казахстан улсын Астана, Алматы хотуудад, Түрк улсын Стамбул хотод холбооны салбар зөвлөлийг байгуулсан. Одоогийн байдлаар 23 салбар зөвлөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Казах эмэгтэйчүүдийн ”Арулар” холбоо үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дэргэдээ залуусын “Береке” клубыг санаачлан байгуулж, бэхжүүлж, залуусын нийгмийн идэвхийг дээшлүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, “Ахмадын сургаал - алт” цуврал уулзалтууд зохиож, урлаг, уран сайхны арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирлээ. Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбоо: Жендэрийн шударга ёсны төлөө ажилладаг Монфемнет үндэсний сүлжээ, Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв, “Бүх нийт боловсролын төлөө эвсэл” Иргэний нийгмийн үндэсний эвсэл зэрэг төрийн бус байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн гишүүн байгууллага тул дээрх байгууллагуудаас зохион явуулдаг аливаа олон нийтийн ажилд тухай бүр идэвхтэй оролцдог.
|