ДАНЗАНГИЙН ЛҮНДЭЭЖАНЦАНГИЙН ТОВЧ НАМТАР
Данзангийн Лүндээжанцан 1957 оны 11-р сарын 25 нд төрсөн. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул.
1980 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэж 1980-1990 онд МУИС-д багш, ХЗЭ-ийн хорооны дарга, Улсын Ерөнхий Прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтсийн дарга, ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгчийн албыг хашжээ.
1990 оноос хууль тогтоох анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дэд дарга, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2007 онд УИХ-ын дэд дарга, 2007-2008 онд УИХ-ын дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2008-2011 онд МАН-ын бүлгийн ахлагч, 2012 оноос УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж ирсэн.
Байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй 7 удаа сонгогдон ажиллаж байгаа төрийн түшээ юм. 1992 онд Батлан хамгаалах зөвлөлийн гишүүн, 2007-2008 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажилласан. 1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож Үндсэн хуулийн төслийг АИХ-аар хэлэлцэхэд Б.Чимидийн хамт Үндсэн хуудийн эхийг баригчаар ажиллажээ.
1989 онд Хууль зүйн ухааны доктор, 2000 онд Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой. Монгол Улсын гавьяат хуульч. Гадаад дотоодын хэд хэдэн сургуулийн хүндэт доктор.
Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт нэг сэдэвт бүтээлээрээ 2015 онд Бяраагийн Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналын анхны эзэн болсон.
Төр эрх зүйн онол, түүх, улс төр судлалын сэдвээр 30 шахам ном сурах бичиг дангаараа болон хамтран туурвижээ.