ТАНИЛЦУУЛГА Содномын Чинзориг 1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн.
1982 онд Хужирт сумын дунд сургууль, 1986 онд МУИС, 2005 онд “Отгонтэнгэр” их сургууль төгссөн. Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй. 1986-1990 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Нийгэм, эдийн засгийн хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч,1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргын албыг хашиж байсан.
2000 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдож найман жил ажилласан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, ерөнхий менежер, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөхөөр 2008-2009 онд ажиллаж байсан юм.
Тэрбээр Шийдлийн Засгийн газарт 2014-2015 онд Хөдөлмөрийн сайдаар ажиллахдаа хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг шинэчлэн УИХ-аар батлуулсан төдийгүй салбарын суурь хуулиуд болох Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулсан. С.Чинзориг 1997-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны дарга, 2011 оноос МАН-ын Нийгмийн хөгжлийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн.
Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн даргаар арав гаруй жил ажиллаж байгаа. УИХ-ын 2008 оны сонгуульд Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшиж сонгогчдын 48 хувийн санал авсан, 2012 оны сонгуулиар мөн өрсөлдөгчөөсөө 6000 гаруй саналын илүүгээр үнэмлэхүй ялалт байгуулсан ч парламентын гадна үлдсэн билээ.
|