ТАНИЛЦУУЛГА Я.Санжмятав 1960 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1981 онд Дархан хотын политехникум, 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал зүйч мэргэжлээр, 1997 он Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт ажилчин, бригадын даргаас ажлын гараагаа эхэлж, 1989-1991 онд МХЗЭ-ийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч, 1991-1993 онд МЗХ-ны Гүйцэтгэх хороонд нарийн бичгийн дарга, Интер-М нэгдлийн захирлаар тус тус ажиллаж байв. Улмаар 1993-1997 онд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Залуу удирдагч” сангийн ерөнхийлөгч, 1997-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 1998-1999 онд АН-ын санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга болов. 1999 оноос МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, салбар байгууллагуудыг удирдах хэлтсийн дарга, 1999-2000 онд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын дарга, 2000-2007 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга, 2003 оноос Алтан гадас ассоциацийн захирлын албыг хашиж байжээ. 2004 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, 2007-2008 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажилласан байна. Мөн тэрээр 2008-2012 онд Завхан аймгийн засаг даргаар ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон төдийгүй Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар томилогдон ажиллаж байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл болон Үндэсний зөвлөлдөх Хорооны гишүүн Я.Санжмятав нь МХЗЭ-ийн Хөдөлмөрийн алдар алтан медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, АН-ын дээд шагнал-Чингисийн одонгоор тус тус шагнуулсан. Англи, орос хэлний мэдлэгтэй.
|